Эх хүүхдийн элч дуучин Цагаанравдангийн Амарбаяр "Ноён бондгор" Монголд төрсөн минь учиртай бие даасан аялан тоглолтоо Бөхмөрөн суманд хийлээ. Ц.Амарбаяр нь Бөхмөрөн суманд төрж өссөн сумын уугуул иргэн ба Увс аймагт хийх аялан тоглолтоо төрөлх сумаасаа эхлэж байгаа нь учиртай юмаа. Тэрээр зөвхөн тоглолт хийгээд зогсохгүй очсон газар нутагтаа Гэрээ цэвэрлэх аян өрнүүлж байна. Монгол хүн гэртээ хог хаядаггүй шиг нутаг орноо гэрээ гэж бодоод хогоо ил задгай хаяхгүй байх талаас залуучуудыг уриалан дуудаж энэхүү аяныг өрнүүлж яваа нь сайшаалтай юм. Сум, нутгийнхаа нэрийг Монгол улсын хэмжээнд дуурсгаж хойч ирээдүй залуучуудыг байгаль орчноо хайрлан хамгаалж, тахиж шүтэж явах сайн үйлсийн аян өрнүүлэн үндэсний баялаг бүтээгч ард иргэдийг дэмжиж яваа дуучинд Бөхмөрөн сумын хүндэт иргэн цол тэмдэгээр шагнаж урамшуулан цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж аяны дөрөөг нь мялаалаа.