Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу энэ онд Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сум нэр дэвшиж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгах, дүгнэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Баруун Бүсийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Ганболдоор ахлуулсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” ажлын хэсэг 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх 5 суманд ажилласан. Уг ажлын үнэлгээний нэгдсэн дүнг Баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцуулсан. Үнэлгээний нийт дүнгээр Увс аймгийн Бөхмөрөн сум 393.2, Ховд аймгийн Булган сум 392.2, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 385.7, Говь-Алтай аймгийн Төгрөг сум 351.85, Баян-Өлгий аймгийн Толбо сум 329.52 оноо авчээ. Ингэснээр Баруун бүсийн зөвлөлөөс “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзолын дагуу Увс аймгийн Бөхмөрөн сумын нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилсан.
Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын баталгаажуулалт хийх шалгалтын ажлын хэсэг Бөхмөрөн сумын ажилтай танилцаж ажиллаж байна. Ийнхүү баруун бүсийн "Улсын тэргүүний сум" шалгаруулах эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар гаргах юм.