1925 онд Дөрвөд далай хан аймгийн Далай ханы хошууг Төгсбуянт уулын хошуу болгож 5 сумтайгаар байгуулсны нэг нь Баянмөрөн сум байв. 1924 оны төрийн болон орон нутгийн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалт хүртэл сум Бат ерөөлт, Төгс хүлэг Ар жанжин далай хан Түмэндэлгэржавын хошуу гэгдэж байжээ. 1931 оноос Бөхмөрөн нэртэй болжээ. Хожим засаг захиргааны өөрчлөлтөөр 8, 9, 10 , 11 дүгээр багийг Увс аймгийн Ховд суманд, 1, 6-р багийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд шилжүүлсний дараа одогийн газар нутгийн төрхийг олсон түүхтэй юм.
Бөхмөрөн сум хойд талаараа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улс, Баруун талаараа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, зүүн ба урд талаараа Увс аймгийн Түргэн, Сагиль, Тариалан, Ховд сумуудтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 1516 км, аймгийн төв Улаангомоос 180 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгийгөөс 90 км зайд оршдог. Тус сум нь Хойд талаараа Сийлгэмийн нуруу, Зүүн талаараа Хархираа, Түргэний уулс, урд талаараа Ачит нуурын нам дор газар, Баруун талаараа Бөхмөрөн голын сав газраар хүрээлүүлсэн 373.4 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүнээс бэлчээр 348.3 мян.га, ой 4.2 мян.га, хадлан 2.9 мян.га, ус 17.9 мян.га талбайг тус тус эзэлнэ. Сумын нутгийн хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 1464 м Ачит нуурын усны түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4116 м өргөгдсөн Хархираагийн ноён оргил бол сумын төв Байшинт нь далайн түвшнээс дээш 1498 м өндөрт оршдог, сумын нутаг өвөлд харьцангуй дулаан, цас бага унадаг, зунд халуун ялангуяа сумын төв Ачит нуур, Бөхмөрөн голын саваар шумуул их гардаг, халуун байдаг тул сум Түргэний уул руу 70 км нүүж зусланд гардаг. Ачит нуурын хөвөө, Бөхмөрөн голын саваар өлөн, шагшуурга, цахилдаг, дэрс, зэгс, улиас, бургас, хус, чацаргана зэрэг ургамал элбэг ургаас гадна таана, хөмүүл, зэрлэг сонгино элбэгтэй.
Бөхмөрөн голоос гадна Жигэртэй, Шархаргай, Ямаат, Нүцгэн зэрэг уулын голууд бий. Эдгээр голын сав нутгаар өлөн өвс маш нягт бөгөөд өндөр ургадаг учир хадлангийн гол бүс болдог. Тус сумын нутагт орших Нүүрст хотгор, Хотгор шанага зэрэг уурхайнууд сайн чанарын нүүрстэй.
Дэлхийн улаан номд орсон хар сүүлт зээр, аргаль, янгир, ирвэс, шилүүс, хойлог, алтан гургалдай энэ сумын нутагт амьдарна. Мөн тарвага, зурам, чоно, үнэг, хярс, зэрэг үслэг амьтад болон зэгсний гахай элбэг.
Тус сум 2012 оны байдлаар 539 өрх, 2102 хүн амтай, үүнээс эрэгтэй 1058, эмэгтэй 1044 хүн амьдарч байгаагаас сумын төвд 211 өрх, 789 хүн, хөдөөд 328 өрх, 1313 хүн тус тус амьдарч байна. 2012 оны байдлаар 90.4 мянган толгой малтай үүнээс тэмээ 93 толгой, адуу 2.3 мян.толгой, үхэр 4.2 мян.толгой, хонь 37.2 мян.толгой, 49.2 мян.толгой тус тус байна. 1954 онд тус суманд “Бадрал” нэгдэл байгуулагдан 1992 он хүртэл ажиллажээ.
Бөхмөрөн сумын нэг онцлог бол Ардын хувьсгалын өлгий нутаг бөгөөд түүхийн дурсгалт газар олонтой. Түрэгийн үеийн хүн чулуун олон хөшөө, Ачит нуурын тасархай хадны сүг зураг, Байшинтын хүн чулуун хөшөө, Шанага, Нарны бичээст хөшөө, олон арван хиргис үүр зэргийг дурьдаж болно. 20-р зууны эхээр Байшинтад Оросын Козловын, Хятадын Раашийн гэсэн хоёр том пүүсийн салбар ажиллаж байжээ. 1921 онд Ардын журамт цэргийн хорооны дарга Ц.Хасбаатарын анги Бөхмөрөн сумын нутагт төвлөрч, тэндээс олон арван эрчүүдийг цэрэгт элсүүлэн Байшинт, Мөргөц, Хүвийн хоёр улиас, Усан хоолой зэрэг газруудад Цагаантантай тулалдан бут цохиж, Оросын Хөшөө модноос зэвсэг техниз авч байснаараа Баруун Монголыг харин түрэмгийлэгчдээс чөлөөлөх түшиц газар болж байв. Тус сумаас Б.Сайнбуян, Ё.Бат-Өлзий, Д.Пунцаг, Л.Моголдой, Н.Цэрэн, Б.Норжин, С.Жавхлан зэрэг Монгол Улсын гавъяатууд төрөн гарч, Х.Буян-Орших, С.Дамдинсүрэн, З.Омбоо, М.Хүрлээ нарын шинжлэх ухааны докторууд, мөн М.Хүрлээ Монгол улсын 142 дахь, Увс аймгийн 11 дэх генерал цол хүртсэн юм.
- See more at: http://www.uvsnutag.mn/index.php?view=uvspedia&type=content&id=337#sthash.FeRu3VSd.dpuf