Гурван жигэртэй багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох хуралдаан боллоо.
Хуралдааныг хуулийн дагуу 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 29-ний өдөр хүртэл олон нийтэд зарлаж Цагаан түнгэ буюу багийн төвд зохион байгууллаа. Хуралдаанаар БИНХ-ын хуралдааны байнгын дэгийг батлах тухай, БИНХ-ын Зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай, БИНХ-ын даргыг сонгох тухай, БИНХ-ын Зөвлөл байгуулах тухай, Багийн Засаг даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд багийн насанд хүрсэн 375 иргэнээс 131 иргэн буюу 34,9 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд хуулийн дагуу хүчин төгөлдөр хуралдаан боллоо.
Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох асуудлыг хуралдааны байнгын дэгийн дагуу нууц санал хураалтаар зохион байгууллаа.
Багийн ИНХ-ын даргад Чогровын Гантулга, Лхамхүүгийн Баттулга нар өрсөлдөж хуралдаанд оролцогчдын 75,8 санал авснаар Лхамхүүгийн Баттулга Гурван жигэртэй багийн ИНХ-ын даргаар сонгогдлоо.
Багийн Засаг даргад Цогт-Очирын Эрдэнэцэцэг, Цэрнээ Нямаахүү, Гүрмандалын Батсайхан нар өрсөлдсөнөөс Ц.Эрдэнэцэцэг 35.2, Ц.Нямаахүү 30.5, Г.Батсайхан 33.6 хувийн санал авч дэгийн дагуу нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан эхний 2 нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт зохион байгуулж, Ц.Эрдэнцэцэг санал хураалтад оролцсон иргэдийн 54,2 хувийн санал буюу хамгийн олон санал авч багийн Засаг даргад сонгогдож, сумын Засаг даргад томилуулах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэгдлээ.
Хуралдаанаас 2 журам баталж, 12 заалт бүхий 7 тогтоол гаргасан байна.













