Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2025-09-10

Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг" хэмээн хэлмэгдэгсдийн хөшөөнд бичээстэй байдаг дөрвөн мөрт хэний ч чихнээ хоногшоо биз ээ. Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, ял шийтгэл амсаж, амь насаа хүртэл алдаж байсан гашуун дурсамж Монголын түүхнээ хар мөр болон үлдсэн юм. Тэртээх 1920-оноос эхлэлтэй хэмээн үздэг улс төрийн хэлмэгдүүлэлт өнөөг хүртэл 37000 гаруй хүнийг баривчилан шийтгэгдсэнээс 27720 хүн нь буудуулж амь насаа алджээ.

Энэ хэрэгт Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн байна. Дээрх гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн аж. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд олон зууны турш бүтээгдэн хадгалагдсан, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг олон мянган үнэт зүйл үгүй болсон юм. Лам нар л гэхэд 17 мянга гаруй хэлмэгдсэний 14 мянга нь цаазлагдсан байна. Одоогийн байдлаар дээрх 37000 гаруй хүмүүсээс 29000 орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдсан юм. Өнөөдөр эдгээр цагаатгагдсан хүмүүсийн 80 гаруй нь амьд байгаа юм.

Хэлмэгдүүлэлтийн оргил үе хэмээгддэг 1932-1940 онд 28451 хүн баригдаж шийтгүүлснээс 20822 буюу 73 хувь нь буудуулж амиа алджээ. Бүр тодруулбал 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулжээ. 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алдсан байна.

Ард түмнээ хоморголон хороож байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг 1920 оноос өнөөг хүртэл нийт дөрвөн үед хуваан үздэг байна. Үүнд: Нэгдүгээр үе шат буюу 1920-1944 он. Монголын ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас унагаж, Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж, 1928-1932 онд Монголын эдийн засгийн гол баялаг мал зургаан саяар хорогджээ. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг Буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаандаа бэлтгэжээ.

Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага хэд хэдэн хэргийг зохион байгуулж, үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж, 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд цаазаар авах ял ноогдуулж байжээ.

Хоёрдугаар үе шат буюу 1940-1955 он. Тусгай комисс байгуулагдаж улс төрийн хоёрдугаар үе шат эхэллээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цус яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн хэргийн гэрчийг устгаж, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байжээ. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсэн байна.

Гуравдугаар үе шат буюу 1956-1990 он. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гуравдугаар үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэжээ.

1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулсан юм.

Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараагийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, нэр төрийг нь гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах зэрэг хэлбэр лүү шилжсэн юм.

Дөрөвдүгээр үе шат буюу 1990 оноос хойш.
1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригийн өглөө Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдорж агсан насан эцэслэсэн байсан тул УИХ-ын гишүүн дэд бүтцийн сайд С.Зориг Засгийн газрын шийдвэрээр талийгаачийг оршуулах комиссын даргаар томилжээ. Гэтэл орой нь С.Зориг гэртээ бусдын гарт маш хэрцгийгээр 16 удаа хутгалуулан алтан амиа алдсан. Гол нь УИХ-ын гишүүн С.Зориг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой болчихсон үедээ бусдын гарт амь үрэгдсэн нь улс төрийн хядлага үргэлжилж байгаагийн нэг илрэл хэмээн үзэж байгаа юм.

1999 оны аравдугаар сарын 28-ны бямба гариг, тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө хамгийн их дуугарч байсан Монголын ард түмний хайртай хүү УИХ-ын гишүүн О.Дашбалбар үл мэдэх зүйлд хордон нас барсан. Түүний онош нь элэгний дутагдал гэж гарсан байдаг ч хамаг шүд нь өмөрч унасныг яруу найрагч З.Дорж ярьдаг. Элэгний дутагдлаар хүний яс идэгдэж арьс цоордоггүй болохоор хор гэх үндэслэлтэй аж. Энэ мэт 2001 онд УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, УИХ-ын дарга Л.Энэбиш нар, 2006 онд УИХ-ын гишүүн О.Энхсайхан зэрэг улс төрийн зүтгэлтнүүд нас барсны шалтгааныг улстөртэй холбон тайлбарладаг байна. 

Бөхмөрөн сумын хэмжээнд 101 хүн хэлмэгдсэн бөгөөд буудан алж бүх хөрөнгийг хураах ялаар 82 хүн шийтгүүлж, 19 хүнийг 10 жилээс дээш жил хорьж, бүх хөрөнгийг хураах ялаар шийтгүүлж байжээ. Мөн ажил албаар нь үзвэл занги 8, лам 20, аграмба 3, залан 2, умзад 2, ямар нэгэн албан тушаалын дарга 7, тайж 3, зайсан 1, мээрэн 1, гүрэмч 26, гэсгүй 3, захирагч 2, нярав 3, чойромбо 2, гэлэн 3, малчин 1, цогчин 1, гүн 1, ажил алба нь тодорхойгүй 10 хүнийг шийтгэсэн байна. 

 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 14
5 / 36%
0 / 0%
2 / 14%
2 / 14%
5 / 36%