Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар сумын Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн 2016 оны ажлын үр дүн, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухай, Эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн сангийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай Сумын нийтийн биеийн тамирын арга зүйч Э.Хосбаярын 2017 оны ажлын төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын тухай асуудлыг авч хэлэлцсэн юм.
Хурлаар байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг 2016 онд орон нутгийн орлогын бүрдүүлэлт хангалтгүй биелүүлсэн, зарим нэр төрлийн орлогын биелэлтийг тасалдуулсан зэрэг дутагдлыг анхааруулж, цаашид орон нутгийн орлогын бүрдүүлэлтийг сайжруулж, Бөхмөрөн сумын нутагт нутгалж буй гадны сумдын малчин өрхөөс бэлчээр ашигласны төлбөр авах, Хотгор уурхайн айл өрхүүдээс хог, түлш мод, байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөрийг тухай бүр бүрдүүлж, ажиллахыг үүрэг болголоо. Мөн сумын эмийн эргэлтийн сан нь тухайн жилийнхээ эмийн захиалгыг өгөхдөө өвчлөлийн талаар судалгаанд тулгуурладаггүй урд жилийнхээ захиалгыг харж таамгаар эм захиалдаг зэрэг дутагдал байгааг шүүмжлээд, эмийн захиалгыг өгөхдөө иргэдийн өвчлөлийн талаар суурь судалгаа гаргаж, ул үндэслэлтэй захиалгыг өгч байхыг үүрэг болголоо. Түүнчлэн эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах хяналтийн зөвлөлийг сумын ИТХ-ын даргаар ахлуулан байгууллаа. Сумын нийтийн биеийн тамирын арга зүйч Э.Хосбаярын 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаад сумын нийт иргэдийг хамруулсан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болголоо.